Хүүхдийн тоглоомын талбайнуудыг угааж цэвэрлэн, засаж сайжрууллаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ. Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ. Мөн хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан байна. Түүнчлэн 2199 золбин нохой, муурыг устгажээ. 10 гаруй хоногийн хугацаанд 403 гарааш буулгахаар төлөвлөснөөс 246 гарааш чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.
Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажил эхэлнэ
Мөн нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.
Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулав.
Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо буурчээ
Нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэр иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат танилцуулав.
Иргэдээс сүүлийн гурван жилд нийт 40.604 гомдол ирүүлснээс 19.513 буюу 51 хувийг дараах найман салбарын үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлжээ. Тодруулбал, барилга байгууламж, эрүүл мэндийн салбар, гудамж, талбайн тохижилт, газрын харилцаа, инженерийн байгууламж, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хамгийн их ирдэг байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдгээр эерэг үр дүн гарчээ.
- Хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 5 дахин буурсан;
- Өдөрт нь багтаан хүлээн аваагүй, явцын тэмдэглэл хөтлөөгүй, өдөрт нь багтаан шилжүүлээгүй, буцаалтыг гурван хоногт хийгээгүй зэрэг зөрчлийн үзүүлэлт 2892 буюу 33.6 хувиар буурсан;
- Бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо 747 буюу 12 хувиар өссөн.
- Тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл гомдлын тоо 448 буюу 32.6 хувиар буурсан байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 11 эх үүсвэрээр иргэдийн өргөдөл, гомдлыг авч шийдвэрлэдэг. Гэсэн хэдий ч иргэдийн өргөдөл, гомдол буурахгүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Хотын даргад байнга мэдээлж байгаа гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэрээ 60 иргэн, аж ахуйн нэгжтэй уулзсан. Энэ үеэр Хотын даргаас нийслэлийн нутгийн захиргааны 20 байгууллагад нийт 60 үүрэг, даалгавар өгснийг албан бичгээр хүргүүлжээ. Үүнээс 12 байгууллага 36 үүрэг, даалгаврын хариуг хугацаанд нь ирүүлсэн бол 8 байгууллага 8 үүрэг, даалгаврыг 1-2 хоногийн хугацаа хэтрүүлж ирүүлсэн байна. Мөн 8 байгууллага 16 үүрэг, даалгаврын хариуг албан бичгээр хариу ирүүлээгүй, e-doc систем дээр тэмдэглэл хийж хаасныг танилцууллаа. Хотын дарга иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов.
Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төсөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах гурван чиглэлийн хүрээнд үүрэг, даалгавар өглөө.
”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд
- “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
- Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах.
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд сайтар хяналт тавих.
- Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.
Цаг үеийн асуудлын хүрээнд
- Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах тул хороодыг шаардлагатай мэдээллээр хангаж, иргэдийг идэвхтэй оролцуулах.
- Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.
- Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч ажиллах.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд
- Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР